Ярилцлагаа нэг сониуч асуултаар эхэлье. Та нэлээд жин хаячихаж.
Эрүүл мэндийн шалтгаан байна уу, эсвэл…?
Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байхгүй. Би жингийн илүүдэлтэй байхдаа жилд хоёр удаа ёс мэт эмнэлэгт хэвтдэг байлаа. Хоёр жилийн өмнөөс Эрдэнэтийнхээ эмнэлгийн хоол зүйчээс эрүүл хооллолтын зөвлөгөө авсан. Тэгээд л хооллолтдоо анхаарч, өдөрт 20 км газар дугуй жийж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд 45 кг хаясан. Бие хөнгөрөөд сайхан болчихоор бусдадаа нөлөөлөхсөн гэж боддог юм байна. Хэд хэдэн хүнд нөлөөлж чадсан шүү (инээв)
“Дэлхийн зөн”-д нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн асуудал хариуцсанаар ажлын гараагаа эхэлсэн гэж сонссон. Тэнд ажилласан он жилүүд танд юу өгөв, ямар сургамж үлдээв?
Миний анхны ажил ч биш л дээ. Хөдөлмөрийн гараа маань “Эрдэнэт хивс”-ийн ноос боловсруулах үйлдвэрийн туслах ажилтнаас эхэлж байлаа. Тэндээ долоон жил ажиллаад “Дэлхийн зөн”-д ажилласан. Инженер мэргэжлээрээ ажиллаагүй минь анхнаасаа нийгэмд ойрхон ажилласантай холбоотой гэж боддог юм. “Дэлхийн зөн”-д нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн ажил хийж явахдаа үзсэн, харсан, мэдэрсэн зүйл минь олон нийтийн ажилд уруу татсан. Тэнд байхдаа зорилтот бүлгийнхэнтэй маш ойрхон ажиллаж байсан л даа. Өвлийн хүйтэн, зуны халуун, ер аль ч үед өнөөдүүлийнхээ хойноос “гүйнэ”. Эргэж тойрно. Нэг хэсгийг нь зэмлэнэ, нөгөө заримыг нь аргадна. Заримтай нь хоолны мөнгөө хуваана. Заримд нь түлээ түлш дөхүүлж өгнө. Өнгөц харсан хүнд бол хүсмээр ажил биш. Миний хувьд мэдээж бүх зүйл хялбар байгаагүй. Гэхдээ тэдний өөрчлөлт надад урам өгдөг байсан. “Дэлхийн зөн”-д ажиллах хугацаанд цөөнгүй айл өрх хүнд нөхцөлөөсөө гарсан шүү. Манай байгууллагаас хэрэгжүүлдэг өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн хүүгүй бичил зээлийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс амжилтын түүхийг жинхэнэ утгаар нь бүтээдэг байлаа. Тэр жилүүд хүний тухай, нийгмийн тухай, хөгжлийн тухай бодлыг минь өөрчилсөн. Бүхний түрүүнд тавих зүйл бол хүн болоод хүний хөгжил л юм байна гэдгийг ой тойндоо ортол ойлгосон. Бас ганцаараа биш багаараа зүтгэж байж их ажлын ард гардаг гэсэн итгэл үнэмшлийг олж авсан. Өдий хүртэл хийсэн бүх ажлын минь ард баг, хамт олны минь хүч бий. Нийгмийн идэвхтэй хүн чинь олон улсын байгууллагад ажиллахын зэрэгцээ Оюутны холбоо, Залуучуудын холбооны сонгуульт ажилд зүтгэдэг байлаа. Тэр жилүүдэд хамт ажиллаж явсан багийнхантайгаа өнөө ч ойр дотно шүү.
Улс төрд яг хэзээ орсон юм бэ?
Өө, их залуудаа (инээв). Улс төрд хөтөлсөн хүн гэвэл манай аймгийн МАН-ын хорооны дарга. Харин улс төр, төр захиргааны ажлын түүх гэвэл хориод жилийн өмнө Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтнээр орсноор эхэлсэн. Дараа нь Монгол Улсын хамгийн их хүн амтай Эрдэнэт хот буюу Баян-Өндөр сумын засаг даргын орлогч хийж байлаа. Зуун мянга гаруй хүн амтай сумын Засаг даргын орлогчоор ажилласан минь төрийн ажил ямар байх ёстойг илүүтэй мэдрүүлсэн он жилүүд. Тэр үедээ Орхон аймгийн НАМЗХ-ны дарга, дараа нь аймгийнхаа намын дарга болж байсан юм. Одоо хүртэл аймгийнхаа намын даргаар ажиллаж байна. 2008 оноос Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар томилогдож зүтгэсэн. Их зүйл амжуулахыг хичээж, бодож төлөвлөсөн ч амжуулаагүй ажлууд бас бий.
Эрдэнэтийнхний сонголт санаанд оромгүй шүү. МАН-ыг ч, АН-ыг ч, бүр бие даан нэр дэвшигчийг ч гаргаад ирнэ. Улаан, цэнхэр тойрог гэж тодотгох аргагүй сонирхолтой газар. Ийм газарт аймгийн намын дарга олон жил хийх хэцүү биз?
Та зөв анзаарч. Эрдэнэт улс төрийн хувьд их хурц газар. Сонголтууд нь таны хэлсэн шиг санаанд оромгүй. Нам хоорондын өрсөлдөөн битгий хэл нэг нам доторх өрсөлдөөн асар их. Ийм газарт том намыг төлөөлж удирдах ажил хийнэ гэдэг амар биш. Гэхдээ л хэцүү бүхний ард гарч амжилт бүтээж явна. Ер нь тэгээд зориод, сэтгэл гаргаад зүтгэхэд болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй дээ.
Ингэхэд та Орхон аймгийн ИТХ-д хэдэн удаа сонгогдож байлаа?
Аймгийнхаа ИТХ-д 2008 2020 он хүртэл ажилласан. Төрийн ажил амар биш ч гэлээ миний хувьд гартаа оруулаад авахад хэцүү байгаагүй. Орон нутгаас, бүр анхан шатнаас нь гарч ирсэн улстөрч гэвэл бараг би болов уу. Бүр анхан шатнаас нь ажиллаад зүтгээд удирдах төвшний ажил хийсэн хүнд нэг “гэм” байдаг юм байна. Асуудлаа углуургаар нь харчихаад, өнөө ажлаа яг амжуулна гээд зүтгэчихдэг “гэм”. УИХ-ын гишүүн болоод ч арилдаггүй “гэм” юм байна (инээв).
Орхон аймгийн Засаг даргаар ажиллахдаа амжуулсан бүхнээ тоочвол олон зүйл ярих хэрэг гарах нь ойлгомжтой. Хийсэн ажлаа ганцхан ажил, нэг статистикаар илэрхийлээч гэвэл юуг онцлох вэ?
Манай аймаг улсад найман удаа шилдэг аймаг болж байсан юм. Намайг Засаг дарга байх хугацаанд гурван жил дарааллан шилдэг аймаг болж байсан. Монгол Улсад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихээс хагас жилийн өмнө манай баг “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөр эхлүүлж байлаа. Тэр хөтөлбөр хэрэгжих үед 49 хүн анхдагч хавдрынхаа үед оношлогдсон. 49 айлыг хожим үүсэх дарамт, бэрхшээлээс салгасан гэсэн үг. Анх Засаг дарга болохдоо хүний хөгжлийг нэгт тавьж ажиллахаа зарлаж байлаа. Яг дараа жил нь Засгийн газар хүний хөгжлийн бодлого ярьж баталсан гэх мэтээр тоочвол олон ажил бий.
Та чинь жинхэнэ мерит зарчмаар шат алгасалгүй явж ирсэн улстөрч байна шүү дээ. Ер нь таныхаар улс төр гэж юу вэ, улстөрч гэж хэн бэ? Улс төрийн үнэт зүйл гэж юу юм бол?
Хэд хэдэн зүйл онцолмоор байна. Нэгдүгээрт улс төр ямар байлаа ч гэсэн заавал нийгэмдээ, хүндээ чиглэх ёстой. Хүнд хэцүү үед ард түмнийхээ тулах тулгуур, тайван энх цагт хөгжлийг урагшлуулах хүч болох учиртай. Улс төрийн амин зарчим гэвэл ерөөсөө л энэ. Зүүний, барууны үзлээс үл хамааран энэ зарчмыг юуны түрүүнд баримтлах ёстой гэж хардаг. Хоёрдугаарт улс төр бол нийгмийн харилцаа. Нийгмийн ёс зүйтэй, тогтвортой харилцаа байж гэмээнэ улс төрийн үнэт зүйл бий болно. Ингээд харахаар улс төр гэдэг бол бие даасан шинжлэх ухаан, харилцааны асуудал. Ам, ажил нь нэгдэж чадсан цагт сая нэг “би улс төр хийлээ” гэж нүүр бардам хэлэх учиртай. Дан ганц ам байхаар туйлширсан, попорсон хэлбэр рүү орчихоод байна л даа. Улстөрч гэж хэн бэ гэж та сая асуулаа. Нийгэмд бодол санаагаа ойлгуулж, тэр хэрээрээ орон зайгаа бий болгож чадсан хүнийг л улстөрч гэх болов уу. Улс төр болон улстөрчийн үнэт зүйл гэвэл би нэг л зүйл хэлнэ. Ерөөсөө л зарчимтай байх ёстой. Сэтгэлтэй хүн л зарчимтай байдаг гэдэгт би хувьдаа эргэлздэггүй.
Улс төрд цаашаа илүү хол зам туулъя гэвэл тойрог руугаа гүймтгий, тойргийнхоо асуудал дээр тод чанга дуугарч зүтгэхээс илүү зарим нэг халуун сэдэв дээр попрох ёстой юм биш үү?
Улс төр бол попордог биш ажилладаг талбар. Би улс төрийг хүмүүст хэрэгтэй шийдэл гаргахад чадах хэрээрээ нөлөөлж, чимээгүй ажилладаг тийм л орон зай гэж хардаг. Тэр ч зарчмаараа ажиллаж яваа. Цаашид энэ зарчмаасаа ухрахгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн хуулиараа олон нийтэд ажлаа тайлагнах үүрэгтэй. Тиймээс би энд тантай ярилцаад сууж байна. Магадгүй намайг улс даяар мэддэггүй байж болно. Гэхдээ “Батлут гэдэг улстөрч энэ чиглэлд үнэхээр юм хийжээ, яах аргагүй нөлөөлж чаджээ” гэж хэлүүлэх хэмжээний улстөрч болж төлөвшсөн байх аа. Би өнөөхөндөө өөрийгөө ингэж л дүгнэхээр байна. Миний хувьд монгол хүнийг эрүүл, баян байгаасай гэж хүсч, тэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллахыг илүүд үздэг. Тэр ч утгаараа эрүүл мэндийг хамгаалах өөрчлөх чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Би улс төрд шинэ хүн биш л дээ. Хорь гаруй жил улс төрд зүтгэхдээ Эрдэнэт гэдэг том хотод олон хариуцлагатай алба хашсан тухай өмнө дурдсан. Орхон аймгийн Засаг даргаар ажиллахдаа Эрдэнэт хотоо Монголын Цахиурын хөндий болгоно гэсэн амбиц тавиад ажиллаж байлаа. Эрдэнэт хот Монголын Цахиурын хөндий болчихвол хожих хүмүүс нь иргэд өөрсдөө. Эрдэнэтчүүдийн орлого өснө гэсэн үг. Нэг энгийн хэрнээ маш үнэн логик бий. Иргэд хөрөнгөжих хэрээр улс хөгждөг. Ингээд харахаар таны түрүүний хэлдэг “тойрог руугаа гүймтгий” гэдэг тодотголын цаад утга гарч ирж байгаа биз. Улстөрчид бултаараа Улаанбаатараас олон зуун км алслагдсан жижигхэн буйдхан сумаас улсын хөгжил эхэлнэ гэдгийг олоод харчихвал улсаараа хөгжих тийм ч том асуудал биш гэж хардаг.
Жижиг хэрнээ том өнцөг байна шүү. Ингэхэд та орон нутгаас УИХ-д орж ирсэн улстөрчийн хувьд давуу болон сул талаа юу гэж тодорхойлох вэ?
Орон нутгийнхаа бүх асуудлыг нэвт шувт мэддэг маань маш том давуу тал болсон гэж хардаг. Өөрөөр хэлбэл орон нутагт үүссэн асуудлуудыг шийдэх гарцаа олж харчихаад УИХ-д орж ирсэн. Сул тал гэвэл мөн л энэ асуудалтай холбогдоно. Ямар ч асуудлын гарцыг Засгийн газрын төвшинд харчихдаг “гэм”-тэй (инээв). УИХ хууль баталдаг, Засгийн газар тод шийдэл олж хэрэгжүүлдэг үүрэгтэй. Гэтэл би гэдэг хүн УИХ-ын гишүүн байж асуудлын зохицуулалтыг тодорхой шийдэлтэй нь, амьдралд буулгах гарцтай нь ярьж “том толгойлоод” байсан сул тал бий шүү (инээв).
Аймгийн Засаг дарга нар асуудал дунд ороод шийдээд явдаг онцлогтой. Таны хувьд тэр зангаа л тавихгүй байж. УИХ-д суух хугацаандаа орон нутагтаа яг ямар ажлууд амжуулснаа сонирхуулаач?
Хотдоо хамгийн хүнд гэж хэлж болохуйц асуудлуудыг шийдэх төслүүдийг хэрэгжүүлсэн. Үерийн нэгдсэн далан, хог боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж чадлаа. Орон нутагт анх удаа Шинжлэх ухаан технологийн парк байгуулж орон нутгийн хөгжилд нэмэртэй төслүүдийг бойжуулсандаа олзуурхдаг. Инкубатор маягийн үүрэг гүйцэтгэдэг л дээ, манай аймгийн Шинжлэх ухаан технологийн парк. Бойжуулсан төслүүдээс маань амжилттай сайн хэрэгжиж яваа хоёр том төсөл бий. Нэг нь евро стандартын будгийн үйлдвэр, нөгөө нь гагнуурын электродын үйлдвэр. Ганцхан цагийн дотор хатдаг, эрүүл мэндэд хоргүй евро стандартын будаг маань гэхэд л Эрдэнэтээс гадна Улаанбаатарт борлуулагдаж байна. Яг бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын будгийн нийт хэрэглээний талыг дангаар нь хангах хэмжээний том үйлдвэр. Бас банкны шалгуурт тэнцдэггүй иргэдэд хүүгүй, барьцаагүй зээл олгосондоо сэтгэл дүүрэн байдаг.
Хүүгүй, барьцаагүй зээл гэхээр санаанд багтахгүй юм. Хууль зүйн талаасаа ч ийм зээл гаргах боломжгүй биш үү. Банкны шалгуурт тэнцдэггүй иргэд гэхээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээс өөр ойлголт болж таарч байна уу?
Улстөрчид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэж их ярьдаг. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрийн ихэнхийг бичил бизнес эрхлэгчид эзэлдгийг огт анзаардаггүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг 200, 300 сая төгрөгөөр эргэлддэг гэж хараад зээлийн шалгуур тавьчихаар тэдний ихэнх болох бичил бизнес эрхлэгчид тойргийн гадна үлдчихдэг. Бичил бизнесийнхний эргэлт тун бага шүү дээ. Жилийн эргэлт нь 20, 30, 40 саяар л яригддаг. Орон нутагт анхан шатнаас нь ажилласан учраас миний хувьд энэ онцлогийг олж хараад бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгох ажлыг эхлүүлсэн. Таны асууж буй өнцөг зөв л дөө. Хүүгүй, барьцаагүй зээл өгөх хууль зүйн үндэс гээд яривал тийм зүйл байхгүй. Гэхдээ хийе гээд зориход гарц шийдэл олддог. Бид Шинжлэх ухаан, технологийн паркаа түшиглээд хүүгүй, барьцаагүй зээл олгосон.
Ухаалаг шийдэл байна. Хүү, барьцаагүй зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн эргэн төлөлт лав хэцүүхэн яваа харагддаг…?
Гайхмаар нь ямар ч барьцаа, хүүгүй олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн байгаа. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа ч бичил бизнес эрхлэгчдэд өндөр босго тавибал зээлд хамрагдах боломжгүйг ойлгуулах чиглэлд хэр чадлаараа зүтгэлээ. Үр дүн нь ч гарч эхэлсэн.
УИХ-д дөрвөн жил суусны эцэст эргээд харахад орон нутгаа бүрэн төлөөлж, асуудлуудыг нь нүүр бардам шийдэж өгч ажиллаж чадаж уу?
Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө төгс, мундаг ажилласан гэхгүй. Зарчмаа л сайн барьж ажилласан. Амлалтынхаа 90 орчим хувийг биелүүлсэн. Төрийн ажил сэтгэл дээр л тогтдог. Сэтгэл гаргаж чадвал ямар ч ажил бүтэлтэй, үр дүнтэй байдаг. Олон жилийн өмнө би хэвлэлд ярилцлага өгөхдөө “сайн улстөрч бол хүн байх ёстой” гэж хэлж байсан. Одоо ч тэр бодол минь хэвээрээ. Хэнтэй ч сайхан харилцдаг, асуудлыг нь сонсдог, сэдэл, санаа өгдөг, жижиг ч гэлээ хэмжээнд нөлөөлөгч, соён гэгээрүүлэгч байх учиртай.
“Улстөрч болъё гэвэл эхлээд хүн байх ёстой” гэсэн үгийг чинь “Ямар уянгын халилтай ярьдаг нөхөр вэ” гэж хүлээж авах хүмүүс цөөнгүй гарах байх шүү, ер нь улстөрчдийн ийм агуулгатай яриа хөөрөөг нийтээрээ их хардангуй хүлээж авдаг болчихож?
Чадаагүй юмаа бөөрөнхийлөөд олон юм ярих хэрэггүй. Уянгын халилтай сонсогдож магадгүй. Гэхдээ хүн хүнээ хүндэтгэж, хайрлахаас бүх зүйл эхэлдэг. Амьдрал ямар үүрдийнх биш. Хорвоод амьдрах богинохон хугацаандаа “хүн”-ээрээ байхыг хүсдэг.
Улстөрчдийг ингээд ярихаар иргэддээ худлаа хайр зарлалаа гэж шүүмжилцгээдэг, ялангуяа сонгуулийн өмнөх ийм цагт…?
Иргэдийнхээ дунд амьдарч, борог амьдралыг туулж гарч ирсэн улстөрчдийн хувьд энэ худлаа үг биш л дээ. Асуудлын гүнийг мэдрээд ирэхээр угаасаа л хүнтэй хүнлэг харилцахаас бүх зүйл эхэлдэгийг ойлгож мэдэрдэг нь амьдралын жам, хууль шүү дээ. Тэгээд ч би сайндаа УИХ-ын гишүүн болоогүй. Олон түмэн итгэсэн учраас тэднийг төлөөлж төрд суугаа хүн. Тэгж гарч ирсэн хүн бусдын жаргал, зовлонг ойлгодог, өөрийн төлөө биш бусдын төлөө шийдвэр гаргадаг байх нь наашлуулаад яривал зарчмын, цаашлуулаад харвал сэтгэлийн асуудал.
Улстөрчдийг ингээд ярихаар иргэддээ худлаа хайр зарлалаа гэж шүүмжилцгээдэг, ялангуяа сонгуулийн өмнөх ийм цагт…?
Иргэдийнхээ дунд амьдарч, борог амьдралыг туулж гарч ирсэн улстөрчдийн хувьд энэ худлаа үг биш л дээ. Асуудлын гүнийг мэдрээд ирэхээр угаасаа л хүнтэй хүнлэг харилцахаас бүх зүйл эхэлдэгийг ойлгож мэдэрдэг нь амьдралын жам, хууль шүү дээ. Тэгээд ч би сайндаа УИХ-ын гишүүн болоогүй. Олон түмэн итгэсэн учраас тэднийг төлөөлж төрд суугаа хүн. Тэгж гарч ирсэн хүн бусдын жаргал, зовлонг ойлгодог, өөрийн төлөө биш бусдын төлөө шийдвэр гаргадаг байх нь наашлуулаад яривал зарчмын, цаашлуулаад харвал сэтгэлийн асуудал.
Бусдын төлөө гээд зориод зүтгэсэн чинь хувь улстөрчийн чинь карьерт хүндхэн тусахаар бол бас хэцүү. Ийм шалтгаанаар маш олон улстөрч хувиа бодож довоо шарлуулах замыг сонгодог. Танд тийм тохиолдол байсан уу?
Байгаагүй гэж нүүр бардам хэлнэ. Түмнийг төлөөлж улс төрд орсон хүн зарим үед түмний төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх ёстой. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүн энэ ажлыг хийснээр, ийм шийдвэр гаргаснаар үр дүн нь бусдад яаж нөлөөлөх бол гэж хамгийн түрүүнд бодож үздэг байх хэрэгтэй. Аль болох олон хүний амьдралыг эергээр өөрчлөх гэж л шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа биз дээ. Түрүүн хэлсэн ч давтаад хэлье. Ам, ажлын зөрүү гаргахгүй амьдарч чадвал сайн улстөрч гэсэн үг.
Таны хувьд ам, ажлын зөрүү гаргасан удаа бий юу?
Тийм зүйл гаргахгүйг хичээдэг. Гэхдээ амьдрал баян, асуудал хэзээд тулгарч байдаг. Биелүүлээгүй амлалт бий. Би өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихдээ шахмал түлшний үйлдвэр байгуулна гэж амлаж байсан. Харамсалтай нь чадаагүй. Чадаагүй юмаа бөөрөнхийлөөд олон юм ярих хэрэггүй. ГОК, оросуудтай хамтраад шахмал түлшний үйлдвэр байгуулъя гээд технологийг нь оруулж ирсэн. Гаргасан бүтээгдэхүүнээ шинжлүүлэхэд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тийм дүгнэлт гарсан учраас зогсоохоос өөр арга байгаагүй. Гэхдээ сайн мэдээ бий. Манай Шинжлэх ухаан, технологийн паркад бойжсон төслийн залуус эко түлш үйлдвэрлэж эхэлж байна. Миний хувьд чадлынхаа хэрээр дэмжиж байгаа.
“Улстөрчид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой гэж их ярьдаг. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрийн ихэнхийг бичил бизнес эрхлэгчид эзэлдгийг огт анзаардаггүй.
Цагаан тоосны асуудлыг шийдсэн гэсэн постны чинь доор эсэргүүцсэн коммент олон харагдсан. “Эрдэнэт байсан цагт цагаан тоос арилахгүй”, “Ингэж худлаа шоудахаа болимоор юм” гэж ирээд шүүмжилсэн байсан?
Мэдээж Эрдэнэт ажиллаж байгаа цагт цагаан тоосноос салахгүй. Тэр үнэн. Гэхдээ дөрвөн жилийн өмнө УИХ-д нэр дэвших үед цагаан тоосон дээр ямар ч шийдэл байхгүй гэж байсныг бодоход хүмүүст хэрэгтэй маш том шийдвэрийг Засгийн газар гаргачихсан. Суурьшлын бүсээс хол зайд хаягдлын асуудлыг шийдэхээр болсон. Ийм том шийдвэрт нөлөөлж чадсандаа баяртай байгаа. Иргэдийн эрүүл мэндэд санаа тавьсан маш том шийдэл. Үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргасан 46 жилийн тэртээд хаягдлын аж ахуйгаа мэдээж нам дор газар ухаж байгуулсан. Хаягдал нэмэгдэх тусах овоолго дээшлэх нь тодорхой шүү дээ. Дээрээс нь юм асгах шийдэл бий ч хэтэрхий өндөр болчихсон учраас тоос бужигнаад байгаа юм. Эрдэнэт үйлдвэр ахиад 60 жил ажиллана. Ирэх жилүүдэд өмнөх 46 жилийнхээ замаар алхаж болохгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн овоолгыг зоригтой шийдвэр гаргаж суурьшлын бүсээс холдуулахаас өөр аргагүй. Бид Эрдэнэт үйлдвэрт “Үйлдвэр байсан цагт цагаан тоос арилахгүй. Цагаан тоосоо суурьшлын бүсээс холдуулахын тулд байгаа бүх боломжоо ашиглая. Аймгийнхаа багахан газар нутгаас 8000 га газрыг шийдэж өгье. Та нар хайгуулын лицензтэй газар дотроо хүдэргүй бүсээ ол. Аймгаас шийдвэр гаргая” гэсэн тодорхой санал тавьсан. Энэ бүхний эцэст Орхон аймгийн иргэдийн хурал 4.4 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдсэн. 4.4 мянган га-г Булган аймаг шийдэхээр болсон. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн хаягдлын асуудлыг суурьшлын бүсээс хол, өмнөхөөсөө өөр технологиор шийднэ. Австралийн технологиор далан үүсгэж өтгөрүүлж хаях юм. Өмнө нь бол шууд хаядаг байсан.
Өтгөрүүлснээр бараг тоосжилтгүй болчих нь ээ?
Тэгнэ. ТЭЗҮ нь эхэлчихсэн. Таван жилийн дараа ашиглалтад орчихно.
Ингэхэд Эрдэнэтийг яагаад “Цахиурын хөндий” болгоё гэж зорьсон юм бэ?
Эрдэнэт бол мэдлэг, технологийн хамгийн их нөөцтэй хот. Улсдаа төдийгүй дэлхийд гэж яригддаг уулын баяжуулах үйлдвэртэй хотын хувьд зорих ёстой амбиц л даа. Тэр утгаар нь Эрдэнэт хотоо Монголын Цахиурын хөндий болгоё гэж зорьсон юм. Засаг даргаар ажиллаж байхдаа Шинжлэх ухаан, технологийн паркийг анх удаа Эрдэнэтэд байгуулсан минь цаанаа ийм учиртай. Улсын хэмжээнд жишиг болохуйц энэ асуудалд Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, бодлогоор дэмжиж яваад олзуурхдаг. Шинжлэх ухаан технологийн ололт, монгол технологийг шууд үйлдвэрлэл болгож хувиргах хэрэгтэй. Улс, бүсийн хөгжлийн төвүүд импортлогч биш экспортлогч болох хэтийн зорилго руугаа хандан ажиллах цаг холгүй гэж хардаг. Одоо Эрдэнэтэд “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр замын дэд бүтцийг байгуулах бүтээн байгуулалтын ажил төслийн 1200 га талбайд ид өрнөж байна.
Таны байнга ярьдаг “өрх бүрийг үйлдвэрлэгч болгох” уг нь гоё санаа. Гэхдээ уриа төдий явсаар хэчнээн ч жил болчихов доо. Өрх бүр үйлдвэрлэгч байх бодит суурь нь байна уу?
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Аж үйлдвэр, технологийн парк байгуулагдсанаар өрх бүр үйлдвэрлэгч байх жинхэнэ суурь тавигдана. Хүн бүр үйлдвэрлэгч байвал улсаараа хангалуун хөрөнгөлөг амьдрах боломжтойг олж хардаг нь тун цөөн. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн 30 жил буруу явсан хөдөө аж ахуйн бодлого одоо ч буруу хэвээр байна. Монголчууд хөдөө аж ахуйн түүхий эдээ гүн боловсруулдаггүй, бүгдийг нь урагшаа гаргадаг учраас өргөн хэрэглээний бүхнээ үнэтэй хэрэглэхээс аргагүй. “Үйлдвэрлэл технологийн парк”-аа дагуулаад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулчихвал түүхий эдийн татан авалт, анхан шатны гүн боловсруулалт сайжраад ирнэ.
Үйлдвэр технологийн парк дагасан Хөдөө аж ахуй үйлдвэр технологийн парк байгуулснаар гарах үр өгөөжийн тооцоо гарсан уу?
Нарийн тооцооллууд бий. Наад зах нь хөдөө аж ахуйн экспортоос олдог нэг тэрбум доллар маань найм, есөн тэрбум болж өснө. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв загвараар эдийн засгийн эргэлтэд оруулбал дэлхийд органик брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно. Дотоодын хэрэгцээгээ хямд нийлүүлж, зөрүүг нь экспортоосоо олж болно. 80 сая малаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулчихвал иргэд баян амьдрах бүрэн боломжтой.
Өрхийн үйлдвэрлэл эрхэлж иргэн бүр баян байх боломжид тулгардаг гол бэрхшээл гэвэл та юуг онцлох вэ, мэдээж шийдлийг нь бас сонирхож байна?
Манайханд тулгардаг гол бэрхшээл гэвэл гарал үүсэл тодорхойгүй гэгдээд экспортлох боломжгүй болчихдог. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн жишгээс харахад улс орнууд жижиг дунд буюу өрхийн үйлдвэрлэлээ ихэд чухалчлан дэмждэг. Солонгост гэхэд дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпораци нь бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өрхийн үйлдвэрлэлд хариуцуулдаг байх жишээний. Өргөтгөсөн хувилбараараа дэд бүтцийн асуудлыг хойд бүсэд оруулж ирэхэд онцгой анхаарч байгаа нь цаанаа ийм учиртай. Ингэж байж хойд бүсийн өрхийн үйлдвэрлэл томорно.
Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд бүсчилсэн хөгжлийг төр засгийн түвшиндөө ярьж, бодлого хөтөлбөр баталсаар ирсэн ч нийслэл рүү чиглэсэн урсгал тасрахгүй байна. Гол шалтгаан нь юу юм бол?
Хүн амын төвлөрөл нийслэл болоод том суурингууд руу чиглэж буйг хүчээр хязгаарлах боломжгүй. Орон нутгийг хөгжүүлсэн төрийн оновчтой зөв бодлогыг тууштай, үе шаттай хэрэгжүүлж байж энэ урсгал зүй жамаараа саарна. Иймд орон нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд зогсохгүй мах сүү, арьс ширийг нь боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага бий. Энэ үйлдвэрүүд том байх албагүй. Жижиг дунд гэж төлөвлөх нь ч зөв шийдэл биш. Том болоод жижиг, дунд үйлдвэрлэл жамаараа хөгжөөд явах нь тодорхой. Орон нутгийн бүх иргэнд өгөөж хүртээе гэвэл мал аж ахуй дагасан өрхийн үйлдвэрлэл рүү шилжих ёстой.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлд хуульд орсон хамгийн сайн зохицуулалтыг онцлооч?
Удирдлагын босоо тогтолцоо хэт давамгайлсан, эрх мэдлийн төвлөрөл ихэссэнээс орон нутгийн бие даасан байдал алдагдсан байсан юм. Хуулийн шинэчилсэн найруулгад орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь маш чухал зохицуулалт болсон.
Яг хэрэгждэг бол олон сайн өөрчлөлт байна шүү…?
Яг үнэн. Эдгээр зохицуулалт амьдрал дээр зөв, зүйтэйгээр амь орж биеллээ олж хэрэгжих л маш чухал.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр нутгийн өөрийн удирдлагад иргэний оролцох оролцоо, эрхийг тодотгож өгсөн. Иргэдэд хуулиар олгогдсон эрхийн талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү, хоёулаа?
Нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангана гэдэг маш чухал. Тухайлбал “Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй” гэсэн заалт туссан. Тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн амьдралд үгүйлэгдэж байгаа асуудлыг иргэд өөрсдөө санаачлах, хэлэлцэж шийдвэр гаргуулахаар хандах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн гэсэн үг.
Ирэх сонгууль бүсчилсэн тойргоор явна. Бүсчилсэн хөгжлөө тодорхойлохын тулд сонгуулийн тойргийг бүсчилж байна гэж хараад байгаа. Таны хувьд хойд бүсийн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
Монгол Улсын хөгжлийн гол цөм нь эдийн засгийн хөгжил гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар ХОЙД БҮС гэдэгт Орхон, Хөвсгөл, Булган аймаг багтаж байгаа. Уг бүсэд Монгол Улсын хүн ам, дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт газар нутгийн 10, газар тариалангийн 12, мал аж ахуйн 15 хувь төвлөрдөг. Эрдэнэт хот аж үйлдвэрийн салбараар, Хөвсгөл аймаг аялал жуулчлалын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг бол Булган аймаг газар тариалангийн салбарын үзүүлэлтүүдээрээ гуравт жагсдаг. Сул тал нь гурван аймгийн дунджаар нэг хүнд оногдох ДНБ-ны хэмжээг тооцвол улсын дунджаас 15 хувь доогуур байна. Хүн ам, эдийн засгийн өсөлт удаашралтайд тооцогддог. Иймд асуудлаа шийдэхийн тулд аймаг тус бүрийн онцлогт тохирсон шийдлүүд гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.
Хойд бүсийг хөгжүүлэх тухайд танд ямар гарц байна?
Эрдэнэт хот бол инженерүүдийн хот. Өнгөрсөн жилүүдэд бид нөөцдөө тулгуурлаж Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн паркыг байгуулсан. Үр дүнгээ ч өгсөн. Яг энэ загвар туршлагаараа Булган, Хөвсгөл хэрэгжүүлэх боломжтой. Яг тухайн аймагт нь тохирсон технологи, инновацын шийдлүүдийг гаргаж нутагшуулбал жижиг, дунд буюу өрхийн үйлдвэрлэл хэрэгжихэд ямар ч асуудал байхгүй. Эрдэнэтэд бэлээхэн байгаа инженер, технологийн шийдлийг Булганы мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжих өрхийн үйлдвэрлэлийн төсөлд ашиглавал Булганы малчин өрхүүд хангалуун амьдрах бүрэн боломжтой. Гэх мэтээр биенээ нөхсөн бүтцээр буюу кластераар хөгжих бүрэн боломж хойд бүсэд бий.
Хойд бүсээрээ өрхийн үйлдвэрлэл явуулж, иргэн бүр нь ажилтай орлоготой амьдрах боломжтой гэсэн үг үү?
Хойд бүсэд тийм боломж бий. Хамгийн гол нь иргэддээ боломж олгох ёстой. Таван хошуу мал энэ уур амьсгалд хэдэн сая жил амьдраад дасан зохицоод ирсэн. Таван хошуу малыг нүүдэлчид гаршуулахад багаар бодоход 100 мянган жил зарцуулсан гэдэг байх шүү. Товчхондоо, байгалийн зүй зохилдлогоор өдий хүрсэн тул бэлчээрийн мал аж ахуйгаа техник технологийн дэвшилтэй уялдуулж, инновац шингээх замаар хөгжүүлэх нь зүйтэй. Хэрвээ хөдөө аж ахуйн парктай болчихвол түүхий эдийн татан авалт, анхан шатны гүн боловсруулалт сайжирна. Мэдээж хамгийн гол нь хамтдаа хөгжихийн тулд бүгдээрээ нэг цонхоор хардаг байх хэрэгтэй.